“Улаанбаатрын тунхаглал” Дэлхийн хотуудын хөгжлийг тодорхойлно

UBUBХүлэмжийн хийн ялгарлаас үүдсэн уур амьсгалын дулаарал нь манай гаригийн экологийн хамгийн том сүйрлийг авчрах эгзэгтэй цаг үед та бид амьдарч байна. Хүлэмжийн хийн ялгаралтыг эх үүсвэрээр нь авч үзвэл, эрчим хүчний үйлдвэрлэлээс 26, тээврээс 13, барилгын салбараас найм, үйлдвэрлэлээс 19, Хөдөө аж ахуйгаас 14, ой модноос 17, хог хаягдлаас гурван хувь нь тус тус ялгардаг гэсэн тооцоо бий.Түүнчлэн сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.7 хэмээр нэмэгдсэн бол Монгол Улсын хувьд энэ нь 2.1 хэм болж гурван дахин нэмэгдсэн нь манай орны хувьд уур амьсгалын томоохон өөрчлөлтийг авчирч байгааг харуулна. Тиймдээ дэлхйи нийт энэ зүгт анхаарлаа хандуулж асуудлаас ангижрах арга зам байгаа энэ үед манай улсад нэгэн чухал үйл явдал болж буй нь Олон улсын эмэгтэйчүүдийн архитекторуудын 17 дугаар их хурал гээд хэлчихэд буруудахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын эмэгтэйчүүдийн архитекторуудын 17 дугаар их хурал “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитекторуудын оролцоо” сэдвээр өрнөж байгаа бөгөөд өнөөдөр тунхаглалаа батална. Гурав хоног үргэлжилж байгаа хурлын гол зорилго нь хүлэмжийн хийн аюулыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад архитектур хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж, хэрэгжүүлэх талаар дэлхийн олон орны эмэгтэй архитекторууд санал бодлоо нэгтгэж “Улаанбатаарын тунхаглал”-ыг гарган дэлхий дахинаа уриалах явдал юм. Уг хуралд гадаадын есөн орноос 36 төлөөлөгч мөн Монгол Улсад суугаа дипломатууд, НҮБ Хабитат, Дэлхийн банк, Азийн хгжлийн банк, Койка, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагууд оролцож байгаа юм. Хурлыг нээлтийн үеэр Олон улсын эмэгтэй архитекторуудын холбооны ерөнхийлөгч Solange d Herbez de la Tour “дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа хот төлөөлөгч болон архитекторууд эх дэлхийнхээ байгаль орчныг хадгалах, хамгаалахыг анхааралдаа авч үзэх зайлшгүй шаардлагатайг анхааруулж байсан. Ингээд хурлын үеэр тавьсан Монгол мэргэжилтнүүдийн илтгэлүүдээс товчлон сонирхуулъя. С.Намжилмаа / Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн. / Тэрбээр “Монгол Улсын Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” гэсэн сэдвээр илтгэл тавьсан бөгөөд илтгэлдээ уул уурхайн боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж, эдийн засгийн бодит өсөлт жил бүр нэмэгдэн, хот суурин газрууд нэмэгдэхийн хэрээр байгаль орчны бохирдлын асуудал хурцаар тавигдаж байгаагийн зэрэгцээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байгааг онцолж байсан. Харин “Хот төлөвлөлтөөр уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах арга замын талаар бодрол” сэдвийн доор илтгэл тавьсан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн, мэргэшсэн архитектор Ц.Эрдэнэцэцэг, манай Улаанбаатар хот 1930-аад оны сүүлчээс эхлэн төлөвлөлттэй хотын загвараар хөгжинө гэж бид үздэг юм. Өнгөрсөн 80 орчим жилийн хугацаанд хөгжлийн зургаан ерөнхий төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, хот маань ази-европ хосолсон өнөөгийн дүр төрхөө оллоо. Хотын өсөлт болон хөгжлийн бодит шаардлагыг иш үндэс болгон хотын ерөнхий төлөвлөгөөний тодтголыг манай үндэсний мэргэжилтнүүд гүйцэтгэн, түүнийг Засгийн газар дэмжин, улмаар УИХ саяхан хэлэлцэн баталлаа. Ерөнхий төлөвлөгөөний тодотголд хотын экологи-эдийн засгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хот, тосгоныг зохистой хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг эрүүлжүүлэн сайжруулах, хотын нутаг дэвсгэрийг төлөвлөлтийн болон үүргийн бүсчлэлээр хөгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан юм. Улаанбаатар хотын өсөлт тасралтгүй явагдаж байгаа бөгөөд уг өсөлтөд гэр хорооллын өсөлт зонхилж байна. Гэр хорооллын хөгжилд онцгой анхаарал хандуулахгүй бол хотын байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг үр дагавар нь улам өссөөр байгаад бид сэтгэл зовниж байна. Өнөөдөр хотын таван оршин суугч тутмын гурав нь гэр хороололд тохилог бус нөхцөлд амьдарч байна. Иймд гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцэд холбох замаар амины тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлэх нь манай нийт оршин суугчдын нийтлэг эрх ашиг болоод байгаа юм. Хотын төр, захиргааны байгууллагууд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Түүний зэрэгцээ гэр хороололд оршин суугчдын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд ч бас анхаарч байна. Түүнчлэн Монголын төр, засгаас Улаанбаатар хотын хөгжилд байнга анхаарал хандуулж байдгийн нэг илрэл нь өнгөрсөн оны эцсээр нийслэлд Ерөнхий төлөвлөгөөний газрыг шинээр байгуулж, түүнд Зураг, төслийн хүрээлэнг харъяалуулсан явдал юм. Хот төлөвлөлтийг гардан гүйцэтгэж байгаа манай хоёр байгууллагад ажиллагсадын гурван хүн тутмын нэг нь архитекторууд, тэдгээрийн бараг тал хувь нь эмэгтэй архитекторууд ажиллаж байна. Энэ тоог хэлэхдээ, Улаанбаатар хотын төлөвлөлтөд эмэгтэй архитекторууд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг дурьдах гэсэн билээ.” хэмээж байгаа дуулдсан. Түүнчлэн түүний илтгэлд дурдагдсан Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлж буй өөр нэг ажлыг товч дурьдъя. Эрчим хүчний хэрэглээг хэмнэх үүднээс 70, 80-аад онд баригдсан 14-н хорооллын 1077 угсармал бетонон орон сууцны барилгыг дулаалах, техникийн шинэчлэл хийх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх асуудлыг НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл нийслэлчүүдийн хувьд нэн чухал, мэдээж таатай мэдээлэл байсныг энд онцлох нь зүйтэй байх. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, архитектор Э.Дондмаагийн илтгэлд сонирхол татахуйц мэдээлэл их байсныг хэлье. Үнэндээ ч уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн хөдөө аж ахуй, малчдын амьдралд нөлөөлөөд зогсохгүй агаар, хөрс, усны бохирдол, хот орчмын бэлчээрийн доройтол, ажилгүйдэл, нийгмийн үйлчилгээний хүндрэл зэрэг байгаль орчин, нийгмийн асуудлыг хурцатган хот, суурин газрын иргэдэд ч сөрөг үр дагаврыг авчирдаг. Сүүлийн үед хот суурин газарт, ялангуяа нийслэл Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихсэж, барилга, байгууламж олноор баригдаж, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороолол ихээр нэмэгдэж, орон сууц, олон нийтийн зориулалттай бусад барилга байгууламжийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа. Түүнчлэн одоо ашиглагдаж байгаа орон сууц, олон нийтийн барилга байгууламжуудын ашиглалтын хугацаа дуусаж, орчин үеийн нөхцөл байдал, төлөвлөлтийн болон газар хөдлөлтийн шаардлагыг хангахгүй болж байгаагаас тэдгээрийг дахин төлөвлөж, барьж байгуулах арга хэмжээ авах зайлшгүй хэрэгтэй байгааг бид мэднэ. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг 2011 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд барилга, хот байгуулалт, газрын талаархи багц хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон норм, дүрэм, журам, заавар, стандартыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, олон улсын түвшинд хүргэх ажлуудыг зохион байгуулж байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Түүнээс гадна хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил, газар зохион байгуулалт, ашиглалтын бодлого, төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг шинээр боловсруулахаар ажиллаж байгааг Э.Дондмаа энэ үеэр хэлсэн. Тодруулбал, Байгальд халгүй, өндөр технологийн барилгын материалын үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилгоор барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зорилтыг дэвшүүлэн 2012 оноос “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Дашрамд сонирхуулахад манай улсын барилга, хот байгуулалтын салбарт нийт 24 мянга гаруй инженер, техникийн ажиллагсад ажиллаж байгаагийн, 30 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдгийн багагүй хувийг эмэгтэй архитекторууд эзэлдэг юм байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яаманд гурав, харъяа байгууллагуудад 20, зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллагуудад 300 гаруй эмэгтэй архитектор үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулдаг ажээ. Эндээс харахад архитектор гэдэг эр хүнийл хйидэг ажил гэх ойлголт үеэ өнгөөрсөн нь анзаарагдах байх. Нөгөөтэйгүүр архитектор гэхээр л аятайхан байшин барилга хот талбай гудамж төдийхнөөр төсөөлдөг цаг ч хоцрогдож. Үзэмжтэй байшин барилга гэхээсээ илүүтэй байгаль орчинд ээлтэй байх нь нэн чухал болохыг энэ үеэр мэдэрсэн. Тэр ч бүү хэл дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх бодитой аргуудын нэг нь явган зорчигчид, дугуйчдад илүүтэй боломж олгох байдлаар хотыг тахин төлөвлөх явдал гэх. Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1993 онд НҮБ-ийн Уур амьсгалын суурь конвенцид нэгдэн орж, 2011 онд “Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороог байгуулан ажиллаж байгаа. Тиймдээ ч энэ удаагийн эмэгтэй архитекторуудын их хурлыг манай улсад зохион байгуулж байгаа хэрэг. Дээр дурдсанчлан архитекторууд өнөөдөр “Улаанбаатарын тунхаглал”-аа батлах бөгөөд цаашилбал дэлхийн хотуудын хөгжлийн түвшинг тодорхойлох чухал бичиг баримт манай улсад боловсруулагдана гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний оршин байгаа эх дэлхийнхээ байгаль орчныг хамгаалах, түүний дотор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, өөрчлөлтийн хурдыг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах асуудлыг аль нэг улс орон дангаараа шийдвэрлэж чадахгүй нь нэгэнт нотлогдсон. Тиймдээ ч дэлхий нийт хамтдаа цэнхэр дэлхийнхээ төлөө нэгдэж байгаа нь энэ ээ.

Бусад мэдээ